НӨАТ-ын тухай хуулийн 4 дүгээр зүйлд: "4.1.1.“борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг", мөн хуулийн 9 дүгээр зүйлд: "9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тооцно" гэж заасан байдаг. Иймд хэрэглэгчдэд бараагаа борлуулахдаа тодорхой хэмжээний хөнгөлөлтийг тооцон төлбөр тооцоог хүлээн авч тайлагнах үед борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхдөө хөнгөлөлтийн дүнг тооцсон цэвэр борлуулалтын орлогоос хүлээн зөвшөөрч НӨАТ-ын татварын тайланд тусгана. Худалдан авагчдад борлуулалтын хөнгөлөлт хассан дүнгээр төлбөрийн баримтыг хэвлэн өгөх үүрэгтэй.
Хог хаягдлын хураамж, түүний хувь хэмжээг Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. "Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх дараахь татвар орон нутгийн татварт хамаарна: ... 7.4.17.хог хаягдлын үйлчилгээний хураамж;", 8 дугаар зүйлийн 8.7. "Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно." гэж зохицуулсан.
Уг хураамжийг төлөх этгээд болон төвлөрүүлэх төсвийг Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. "Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно", Хог хаягдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. "Энгийн хог хаягдал үүсгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр хог хаягдлын үйлчилгээний хураамж төлнө.", 41 дүгээр 41.5. "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг үүсгэж байгаа хог хаягдлын хэмжээнээс хамааруулан тооцно." гэж тус тус зохицуулснаар тухайн хог хаягдлыг гаргаж буй этгээд нь уг хураамжийг төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8."Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ." гэж тус тус нарийвчлан заасан байна.
Татварын ерөнхий хуулийн 6-р зүйлд заасны дагуу Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.
Татварын ерөнхий хуулийн 3.1-д заасны дагуу татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй. Чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэм тогтоох, Хөрөнгө оруулалтын тухай, газрын тосны тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулахаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна. Харин тус хуулийн 8.1-д заасны дагуу татварын хувь хэмжээг УИХ, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэлийн ИТХ хууль тогтоомжийн дагуу тогтоож болно.
Татварын ерөнхий хуулийн 4.1.3-т “татварын цахим баримт бичиг” гэж татварын хууль тогтоомжийн дагуу цахим хэлбэрээр боловсруулсан, хадгалсан, илгээсэн, эсхүл хүлээн авсан тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийн иж бүрдэл гэж тодорхойлсон.
Цахим гарын үсгийн тухай Монгол Улсын хуулийн 4.1.2-д “тоон гарын үсэг” гэж цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрөл гэж заасны дагуу ойлгоно.
Татварын ерөнхий хуулийн 4.1.5-д “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдэл гэж тодорхойлсон. Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараахь зориулалттай байна:
1. татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавьж, шуурхай удирдлагаар хангах;
2. татварын хяналт шалгалтын ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах;
3. татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх;
4. татварын албаны үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг хангах;
5. татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах.
Татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд шаардлагатай хөндлөнгийн мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулах эрхтэй.
Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д заасны дагуу өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, томилолтоор гадаад дотоодод ажилласан, сургалтад хамрагдсан, нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон, галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давтагдашгүй хүчин зүйл / усны үер , ган, зуд, аюултай цасан болон шороон шуураг, газар хөдлөлт/ зэрэг шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаанд хамруулсан.