Цэвэр усны нөөцийн үр ашиггүй, замбараагүй хэрэглээг тодорхой хэмжээнд татварын бодлогоор хязгаарлах боломжтой.
Манай улсад цэвэр усны хэрэглээнд Ус рашааны нөөц ашигласны төлбөр, Ус бохирдуулсны төлбөр гэсэн хоёр төлбөрийг ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг.
УС РАШААНЫ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР
Та бизнесийн үйл ажиллагаандаа усыг ашигладаг бол Ус ашигласны төлбөр төлөгч болж тухайн сард ашигласан усны төлбөрөө дараа сарын 10-ны дотор төлж, тухайн жилийн төлбөрийн тайлангаа дараа оны нэгдүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ.
Татварын алба улсын хэмжээнд жил бүр 46 орчим тэрбум төгрөгийн усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Уг орлогын 35%-ийг байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөх сэргээхэд зарцуулдаг.
Харин иргэд унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашиглавал төлбөрөөс чөлөөлөгдөнө.
УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР
Хэрвээ та усыг ашиглаж орц найралгыг нь тодорхой хэмжээнд өөрчлөн хаягдал ус болгодог бол бохирдуулсан хэмжээгээрээ Ус бохирдуулсны төлбөрийг төлнө. Ус бохирдуулсан л бол иргэн, хуулийн этгээд, төсөвт байгууллага бүгд энэ төлбөрийг төлөх ёстой.
Ус бохирдуулсны төлбөрийг хаягдал усан дахь бохирдуулах бодисоос хамаарч 50-1000 төгрөгөөр тооцдог. Энэ оны дөрөвдүгээр сараас Усны газар ус бохирдуулсны төлбөрийн ногдуулалтыг ус бохирдуулагч тус бүрээр гарган татварын албанд ирүүлж, татварын алба тус мэдээлэлд үндэслэн төлбөрийн нэхэмжлэхийг татвар төлөгч бүрээр үүсгэн төлбөрийг хураадаг боллоо.
Ус бохирдуулсны төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, уг орлогын 50%-ийг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээ, цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулдаг.