Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Сумын ерөнхий танилцуулга

Дэрэн сум анх 1924-онд Богдхан аймгийн Дэлгэрцогт уулын хошууны Дэрэн сум нэртэй байгуулагдсанаас хойш 91 жилийн түүхэн хөгжлийг туулж байна. Сумын анхны даргаар Цэгмэд гэдэг  хүн ажиллаж байсан. Дэрэн сумын төв нь Улаанбаатар хотоос 220 км-т, Дундговь аймгийн төвөөс 68 км-т Цантын уулын энгэрт төвлөрөн суурьшдаг. Сум нь нийт 390,0 мян.га газар нутгийг эзлэн Төв аймгийн Баянцагаан, Баян-Өнжүүл, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Сайнцагаан, Дэлгэрцогт сумдтай хил залган говь тал хээрийн бүсэд оршдог. Нутгийн ерөнхий байдал говирхуу гол төлөв жижиг ухаа толгод, тал хонхрууд үргэлжилнэ. Хайлааст, Булаг, Саруул, Давстын говь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Шохойн чулуу, альбастр, өнгө бүрийн зосон будаг, шавар, давс хужир зэрэг ашигт малтмалуудтай, "Алаг"-ийн зос, "Ёлын хужир" гэх мэт зос хужрын арвин нөөцтэй. "Исгэлэн" хэмээх хүний эрүүл мэндэд чухал ач холбогдол бүхий рашаан устай. Засаг захиргааны нэгжийн хувьд Алаг-Өндөр, Саруул, Долоод, Бумбат гэсэн 4 багтай 656 өрхтэй, 9 жилийн дунд сургууль, эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсөвт газрууд, ХААН, Төрийн банкны салбар, "Эрдэнэцант", "Наран-хөгцтий", "Цантын хаяа" хоршоо, МНЦ", "Дэрэн Уул", "Чандманьноровлингоо" ХХК зэрэг төрийн өмчийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Сум нийт  2021 хүн амтай ба түүний 33,7% буюу 682 нь 0-16 насны хүүхэд, 41,5% буюу 839 нь 17-35 хүртэлх насны залуучууд, 36 ба дээш настай нийт 500 иргэн, хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай 985 иргэн байгаагийн 48,7%-ийг малчид эзэлдэг. 

Сумын эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр, хөдөлмөр эрхлэлт нь мал аж ахуй бөгөөд суманд одоогоор нийт 368 малчин өрхтэй. 2013 оны жилийн эцсийн байдлаар 133338 толгой малтай, үүнээс тэмээ 1188, адуу 6434, үхэр 2600, хонь 61971, ямаа 61140. Суманд 1000-аас дээш малтай 20 өрхтэй бөгөөд сумын хамгийн олон малтай нь 2099 толгой малтай Бумбат багийн малчин Д.Зэнээ, суманд гэрийн мод тооно хаалга, бургасан хана хийж гэрийн модыг иж бүрнээр үйлдвэрлэдэг ба гэрийн модон эдлэл, эсгий эсгий эдлэл, оёдол, гутал, айраг, сүү, цагаан идээ гэх мэт өрхийн үйлдвэрлэлийг голлон эрхэлдэг. Тус сум эрт үеэс уламжлан ирсэн уртын дууч, морин хуурчид олонтой, дуу хуурын өлгий нутаг. Тус сумаас урлаг соёл спортын олон алдартнууд төрөн гарсны зэрэгцээ ажил хөдөлмөрөөрөө алдаршсан алдартнууд, эрдэмтэд олноор төрөн гарсан.  Тус сумаас төрсөн алдартнуудаас дурьдвал: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, "Зууны манлай" уртын дууч Н.Норовбанзад, Ардын багш, Гавьяат багш Д.Төмөр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ардын боловсролын биеийн тамирын тэргүүний ажилтан,  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн  Б.Ганбат, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом" яруу найргийн шагналт зохиолч Ц.Чимэддорж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн уртын дууч Г.Дадьсүрэн, Монгол улсын гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Пүрэвдорж, Боловсролын тэргүүний ажилтан доктор профессор Н.Цэвэгсүрэн, МУИС-ийн багш доктор Н.Норов, "Гүүр" дээд сургуулийн захирал профессор  Л.Цэрэнчунт, Монгол Улсын элчин сайд Б.Дэлгэрмаа, Ц.Ганболд, М.Батсайхан, МУСТА хөгжмийн зохиолч Г.Эрдэнэчулуун, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр, МУ-ын аварга малчин А.Дамдинжав, У.Цэрэндорж, "Улсын сайн малчин" Д.Батгэрэл, Ш.Мишигтаяа, МУ-ын манлай уяач Г.Батчулуун нарын зэрэг олон алдартнуудыг төрүүлсэн алдар цуутай нутаг юм. Сумых Засаг даргын Тамгын газар нь сумын тэргүүлэх чиглэлээ тогтоон сумын хөгжлийн 2011-2021 он хүртэлх төлөвлөгөөг боловсруулан баталж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх жил жилийн үндсэн чиглэлээ батлуулан ажиллаж байна. Сум аймагтаа "Ногоон байгууламж"-аараа түшиц сум болох зорилт тавин 2008 оноос эхлэн жил тутам 100-1500 ширхэг мод тарьж ургуулан сумын төвд 5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан ба сумын хэмжээнд 6 төрлийн 6000 гаруй мод суулгац тариалан зуны улиралд тогтмол усалгаа арчилгааг хийлгэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн 2013-2014 оны нийт 497,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шимт малын тоо толгойг өсгөх, сумын төвийн тохижилт соёлжилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэгийн тохижилт, хүүхдийн тоглоомын талбай байгуулах болон хөдөөгийн бэлчээрийг усжуулах гэх мэт ажлуудыг иргэдийн саналд тулгуурлан хийж гүйцэтгэсэн. 

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах