Нэг. Нийтлэг үндэслэл
Давсны илүүдэл хэрэглээ нь цусны даралт ихсэх, яс сийрэгжих болон зүрхний шигдээс, тархины цус харвалт, ходоодны хавдар зэрэг өвчний анхдагч эрсдэлт хүчин зүйл болж, олон сая хүнийг эрт нас барахад хүргэж байна. Давсны хоногийн хэрэглээг 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, жилдээ бүс нутгийн хэмжээнд 600 мянга, дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг дээрх өвчнөөс үүдэлтэй нас баралтаас сэргийлэх боломжтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (цаашид “ДЭМБ” гэх)-аас тогтоосон байна.
ДЭМБ-ын “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах стратеги” (2012-2025), ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн дээрх асуудлаарх стратегид хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлж, энэхүү стратегийг өөрийн орны түвшинд боловсруулан хэрэгжүүлэхийг гишүүн орны Засгийн газарт зөвлөмж болгосон.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2012 оны 66 дугаар чуулганаар баталсан “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын асуудлаарх тунхаглал”-д давсны хэрэглээг бууруулах зорилгоор хүнсний бүтээгдэхүүн дэх давсны агууламжийг багасгах, давс ихтэй хүнсний үйлдвэрлэл, зар сурталчилгааг хязгаарлах, хүнсний бүтээгдэхүүний шошгод давсны агууламжийг тодорхой зааж байхыг үйлдвэрлэгчдэд уриалж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заасан байна.
Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүн амын давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын хүн амын 83.2 хувь нь хоногт 11.1 грамм давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмж болгож байгаа хэмжээнээс 2 дахин өндөр байна. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь давсны агууламж өндөртэй байна.
Судалгаагаар нийт хүн амын 19.1 хувь нь давс ихтэй хүнсний талаар, 12.0 хувь нь давс ихтэй хоол, хүнс эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар, 95.1 хувь нь давс багатай хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн сонгох талаарх мэдлэг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Цусны даралт ихсэх өвчинд өртөх эрсдэлийг бүс нутгаар авч үзэхэд давсгүй цай хэрэглэдэг зүүн бүсийн нийт хүн ам давстай цай ихээхэн хэрэглэдэг баруун бүсийн аймгуудтай харьцуулахад 1.3 дахин бага байсан байна.
Ийнхүү нийт хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгаагаас гадна давсны хэрэглээг бууруулахад дараах тулгамдсан асуудал байна:
- Давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааг хязгаарлах бодлого, эрх зүйн орчин бүрдээгүй, хоол, хүнсний давсны агууламжид тавих төрийн болон хүнс үйлдвэрлэгчийн дотоодын хяналт хийгдэхгүй;
- Давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хэрэглээг дэмжих чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоо хангалтгүй;
- Хүн амын давсны хэрэглээтэй уялдуулан давсны иодын агууламжийг тогтвортой байлгах үйл ажиллагаа хангалтгүй;
- Давсны зохистой хэрэглээний талаар иргэдэд өгөх зөвлөгөө, мэдээлэл, сурталчилгаа тогтмол биш, хэрэглэгч, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байна.
Иймд давсны хэт хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (цаашид “стратеги” гэх)-ийг боловсруулав.
Хоёр. Стратегийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл
ажиллагааны чиглэл, санхүүжилт
2.1. Стратегийн зорилго
Хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 2011 оны түвшнээс 30 хувиар бууруулахад энэхүү стратегийн зорилго оршино.
2.2. Стратегийн зорилтууд
2.2.1. Нэгдүгээр зорилт: Давс багатай хоол, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
2.2.2. Хоёрдугаар зорилт: Хүнсний давсны агууламжийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог дэмжин, хүнсний импорт, үйлдвэрлэл болон хүн амын хэрэглээнд тавих давсны агууламжийн хяналтыг сайжруулна.
2.2.3. Гуравдугаар зорилт: Хүнсээ зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх мэдлэг, дадлыг эзэмших орчинг бий болгох замаар хүн амын давсны хэрэглээг бууруулна.
2.3. Стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
2.3.1. Давс багатай хоол, хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх 1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.3.1.1. хүнсний стандарт, техникийн шаардлага, жор технологийг хянан шинэчилж, нийтийн хоолны давсны агууламжийг бууруулах асуудлыг холбогдох стандартад тусгах;
2.3.1.2. давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээ, тэдгээрийн зар сурталчилгааг хязгаарлах асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгах;
2.3.1.3. давсны хэрэглээний талаарх тандалт, судалгааг жил бүр үндэсний хэмжээнд хийж, энэ чиглэлээр салбарын чадавхийг бэхжүүлэх.
Хүрэх үр дүн: Давс багатай хүнсний импорт, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хэрэглээг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн байна.
2.3.2. Хүнсний давсны агууламжийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоог дэмжин, хүнсний импорт, үйлдвэрлэл болон хүн амын хэрэглээнд тавих давсны агууламжийн хяналтыг сайжруулах 2 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.3.2.1. нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл болон хүн амын хэрэглээнд давсны агууламжийг бууруулах болон иоджуулсан давсны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;
2.3.2.2. хүнсний импорт, үйлдвэрлэлд давсны агууламжийн хяналтыг тогтмолжуулах, давсны агууламжаас хамаарах татварын ялгавартай бодлого хэрэгжүүлэх;
2.3.2.3. хүнсний бүтээгдэхүүн дэх давсны агууламжид тавих дотоодын хяналтыг тогтмолжуулахад хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх.
Хүрэх үр дүн: Давсны хэрэглээг бууруулахад хувийн хэвшлийн оролцоо сайжирч, хүнсний импорт, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, хэрэглээнд тавих давсны агууламжийн хяналт сайжирсан байна.
2.3.3. Хүнсээ зөв сонгох, давсыг зохистой хэрэглэх мэдлэг, дадлыг эзэмших орчинг бий болгох замаар хүн амын давсны хэрэглээг бууруулах 3 дугаар зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.3.3.1. давсны хэрэглээний талаар хүн амын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах, дэмжих;
2.3.3.2. хүн амд давсны хэрэглээний талаар мэдлэг, ойлголт олгох чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, дэмжих;
2.3.3.3. бага наснаас эхлэн давс бага хэрэглэх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, мэдээллийг цэцэрлэг, сургуулийн хүүхдэд олгох;
2.3.3.4. эрүүл мэндийн, нийгмийн, сайн дурын ажилтанд давсны хэрэглээний талаар зөвлөгөө өгөх ур чадвар эзэмшүүлэх;
2.3.3.5. хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд давсны зохистой хэрэглээ, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх талаар үе шаттай сургалтыг зохион байгуулах.
Хүрэх үр дүн: Хүн ам давсны хэрэглээгээ багасгах мэдлэг, дадалтай болж, давс бага хэрэглэх зан үйлд суралцаж хэвшсэн байна.
2.4. Стратегийн санхүүжилт
Үндэсний стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө
- Хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн хөрөнгө;
- Төрийн бус байгууллага, иргэдийн хандив, тусламж;
- Гадаадын зээл, тусламж;
- Хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
Гурав. Стратегийн удирдлага, зохион байгуулалт,
хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт
3.1. Стратегийн удирдлага, зохион байгуулалт
Давсны хэрэглээг бууруулах салбар дундын зохицуулах зөвлөлийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тэргүүлнэ. Стратегийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллах Давсны хэрэглээг бууруулах салбар дундын зохицуулах зөвлөлийг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дэргэд байгуулна. Стратегийн хэрэгжилтэд оролцогч талуудын үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэл, хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлыг салбар дундын зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
3.2. Стратегийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат, хяналт-шинжилгээ, үнэлгээ
Стратегийг 2015-2025 онд хэрэгжүүлж, дунд шатны хэрэгжилтийн үнэлгээ, хяналт-шинжилгээг 2020 онд, төгсгөлийн шатны үнэлгээ, хяналт-шинжилгээг 2025 онд хийнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга, тухайн нутаг дэвсгэрийн мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллага нь стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, дүнг Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийгмийн эрүүл мэндийн зөвлөлөөр хэлэлцүүлж, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор эрүүл мэндийн болон хүнсний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.
3.3. Стратегийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
№
|
Үзүүлэлт
|
Суурь түвшин (2013)
|
2025 оны зорилтот түвшин
|
Эх сурвалж
|
1.
|
Давс ихтэй хүнсний талаар ойлголт, мэдлэггүй иргэдийн нийт хүн амын дунд эзлэх хувь
|
19.1
|
6.4
|
Үндэсний судалгаа
|
2.
|
Давс их хэрэглэх нь артерийн даралт ихсэхэд нөлөөлөхгүй гэсэн буруу ойлголт, хандлагатай иргэдийн нийт хүн амын дунд эзлэх хувь
|
82.4
|
50.0
|
3.
|
Хүнсний шошго дээрх мэдээллийг ашиглан давс багатай хүнсийг сонгон хэрэглэдэг иргэдийн нийт хүн амын дунд эзлэх хувь
|
4.9
|
25.0
|
4.
|
Өдөр бүр давстай цай хэрэглэдэг иргэдийн нийт хүн амын дунд эзлэх хувь
|
43.8
|
26.0
|
5.
|
25-64 насны хүн амын давсны хэрэглээний түвшин (хоногийн шээсний шинжилгээгээр)
|
11.1 гр/хоног
|
7.8
гр/хоног
|
6.
|
Хоногт ≤5 гр давс хэрэглэдэг хүн амын эзлэх хувь
|
16.8
|
33.0
|
7.
|
100 гр-д 0.6 гр-аас их давс агуулсан бүтээгдэхүүний эзлэх хувь
|
81.6
|
49.0
|
8.
|
100 гр-д 0.6 гр-аас их давс агуулсан нийтийн хоолны эзлэх хувь
|
83.6
|
50.0
|