Дундговь аймгийн музей анх 1949 онд байгуулагдсан. Одоо нэн эртний, хүрэл зэвсгийн үеийн, Их Монгол улсын, аймаг байгуулагдсан, дуу хуурын, аймгийн алдартны, мал аж ахуйн, монголын уламжлалт тоглоомын, угсаатны зүйн, Зава Дамдины, ан амьтан, ашигт малтмалын танхимуудад үзмэрээ зохион байгуулаад байна.
Сан хөмрөгтөө МЭӨ III мянганаас VIIIзуунд хамаарагдах хүн төрөлхтний түүхийн чухал үеийг харуулсан хүрлийн үеийн олдвор 800 – гаад хадгалагдаж байгаа нь Монгол улсын улс, аймгийн чанартай музейнүүдээс хамгийн олон цуглуулга юм.
Мөн Боржгон цэцэн вангийн хошууны Гомбосүрэн ноёны хэрэглэж байсан зааны ясан, мөнгөн тоног бүхий хэт хутга, суман ширээ, 13 литрийн багтаамжтай эрээн гангар шаазан хул, “Түүх соёлын хосгүй үнэт” зэрэглэлд орсон “Тугалын бүлээн” – ий солир, Хүрэл морь, Төв халхын урчуудын уралсан мөнгөн аяга, хэт хутга, эмээл, хазаар, эмэгтэй хүний гоёл чимэглэл, пийсүү толгойтой, эргэн тойрон үүлэн хээг товойлгон урласан шүрэн хөөрөг болон үнэт чулуун хөөрөгнүүд, XY – XIX зууны үед хийгдсэн нарийн ур хийцтэй гуулин хөөмөл, цутгамал, шавар, зурмал бурхад, шашны болон эм тангийн судар бичгүүд, угсаатны зүйн ховор сонин үзмэр, гар урчуудын бүтээл, уран зураг, алдар гавьяат, түүхт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйл, их номч, түүхч, Шашний тэргүүн Зава Дамдины эдэлж хэрэглэж байсан эд зүйлээс бүрдсэн гэр музей зэрэг арвин сан хөмрөгтэй бөгөөд нийт 3017 дэсийн 4475 ширхэг, 5597 иж бүрдэл үзмэртэй болжээ.